Агаар мандал гэж юу вэ?
Дэлхийн гадна талаар хүрээлэн тогтох агаарын бүрхэвчийг хийн мандал гэж нэрлэдэг. Агаарт азот 70,08 хувь, хүчилтөрөгч 20,95 хувь, аргон 0,93 хувь, нүүрсхүчлийн хий 0,034 хувийг эзлэн зонхилдог ба бусад хий хэмжээ багатай ч нөлөө их. Дэлхийн хийн мандлын найрлага бусад гарагуудаас эрс өөр. Зөвхөн манай гарагт хүчилтөрөгч, усны уур зэрэг амьдрал оршин тогтноход чухал ач холбогдолтой хийнүүд зохих хувийг эзэлдэг.
Дэлхийн гадаргаас дээш агаарын температур, даралт, нягт буурна. Температур өндөрлүүгээ өөрчлөгдөх байдалд үндэслэн хийн мандлын 5 үеийг ялган үздэг.

Тропосфер (орчих мандал). Хийн мандлын доод үе давхарга. Энэ үеллийн хүрээнд 1км-ээр өндөрсөх тутам агаарын температур 6°С-аар буурдаг. Үүнийг температурын дундаж градиент гэнэ. Газрын гадаргаас халсан агаар дээш хөөрөх тутам температур нь буурсаар орчныхоо агаартай адилхан температуртай болох ендөрт хүрээд зогсоно. Энэ өндрөөр тропосферийн дээд хилийг тогтоодог. Тропосферийн дээд хил экваторт 16-18 км, туйл орчимд 8-9 км, дунджаар 11 км ендөрт оршино. Тэнд агаарын температур аль ч өргөрегт ялгаагүй -60°С-аас -70°С байдаг. Тропосферийн хүрээнд хийн мандлын нийт агаарын 90% байх ба усны уур, үүл үүсэж, бороо цас орох зэрэг цаг агаар, уур амьсгалын бүх үзэгдлүүд зөвхөн энд л явагдана.
Стратосфер (давхраат мандал). Тропосферээс дээш 50 км өндөрт оршино. Энд нийт агаарын 20 орчим хувь агуулагдана. Усны уур бараг байхгүй тул үүлгүй. Энд озон их байх бөгөөд 25-27 км өндерт озон их бөөгнөрсөн үе байдаг. Үүнийг озоны давхаргаг энэ. Озоны давхарга нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж амьд организмыг хамгаалж байдаг ач холбогдолтой. Тропосферийн дээд хилээс дээш стратосферт агаарын температур аажим нэмэгдсээр мезосфертэй хиллэх хэсэгт 0°С-ээс +10°С хүрнэ.
Мезосфер (дунд мандал). Дунджаар 50- 80 км-ийн хоорондох өндрийг хамарч байгаа давхраа юм. Энд өндөр ихсэхэд температур буурна. Температур 80 км-т -90 °С орчим хүрдэг. Температурын энэхүү бууралт нь агаарын хөдөлгөөнийг ихэсгэх тул мезосферт салхины хурд 150 м/с хүрнэ. Мезосферт рентген болон гамма туяа шингэдэг. Мөсөн талстаас бүрдсэн мөнгөлөг үүл ажиглагддаг.
Термосфер (халуун давхраа). 80 км-ээс цааш 800-1000 км хүртэл өндөрт оршино. Энд температур маш хурдан нэмэгдэнэ. Тухайлбал, 150 км-ийн өндөрт 230°С, 600 км-т 1500°С халуун байдаг байна. Нарны цацрагийн нөлөөгөөр термосферт агаарын хийн атом молекулын бүтэц эвдрэн молекулууд иончлогдож атомаас зарим электрон салж сарнина. Атомуудын задрал болон цэнэгжсэн электронууд үүсэхийг ионжилт гэх тул термосферийг заримдаа ионсфер ч гэж нэрлэнэ. Ионжилтын хамгийн их хэмжээ нь 300-400 км-т болдог. Ионжсон хэсгүүдээс болж туйлын туяа үүснэ Ионсфер нь рентген туяаг өөртөө шингээж нарны хорт үйлчлэлээс дэлхийн гадаргыг хамгаалдаг тул биосферт чухал үүрэгтэй.
Экзосфер (гадаад мандал). 1000-2000 кмийн өндрийг хамруулдаг. Энд устөрөгч хий зонхилно. Энэ хийн атомууд маш сийрэг тул тодорхой орон зайд байрладаггүй, асар их хурдтайгаар сүлжин хөдөлж, аажмаар огторгуйн уудам руу алдагдана. Хэдийгээр дэлхийн хийн мандал агаарын зарим хэсгийг гадагш алдах боловч түүний нийт хэмжээ ямагт тогтмол байдаг. Учир нь мантиас жил тутам нэг сая тонн орчим хий шилжин ирж хийн мандлын алдагдлыг нөхөж байдаг.
Мэдээллийн эх сурвалж: Батчулуун Е. Уранчимэг Г. Цогбадрал Х. Энхжаргал П. Бат-Эрдэнэ Ц. Алтантуяа Ц. нар, Газарзүй-Х сурах бичиг УБ., 2019
